“Эрт цагт Алтан Ургийн хаад морин дэл дээр, сэлэм далайсаар дэлхийд нэрээ дуурсгасан түүхтэй. Хорин нэгдүгээр зууны “Алтан ураг” хөгжимийн зэмсэг болоод хэзээ ч үл тасрах Монгол аялгуугаар хүмүүний сэтгэл зүрхний нарийн утсыг хөндөх болно” хэмээн ярьцгаах хөгжимчидийн нүдэнд оч бадарч, сэтгэл зүрхэнд нь талын яруу аялгуу эгшиглэж байх шиг санагдсан. Магадгүй индэр мөнгөн хуурын эгшигэнд хатгуулчихсан сэтгэлд минь Монгол нутгийн салхи исгэрээ юм болов уу... Үнэндээ би “Алтан ураг” хамтлагийг дээд зэргээр үнэлж, бүтээлүүдийг нь шагшин магтаж явдаг нэгэн. Аз таарч энэ хамтлаг маань таван цомгийнхоо бичлэгийн ажилд орчихсон, уран бүтээлийн олз омог, ирээдүйн төлөвлөгөөгөөр дүүрэн надтай мэндчилсэн юм даа. Электрон морин хуурч Оюунбилэг чанх урд минь сууж байгаад “Цус” нэртэй аялгуу хуурдаж өгсөн нь миний оюун санааг хаа нэг тийшээ аваад явчих шиг санагдсан шүү. Магадгүй энэ гунигтай аялгуу аль хэдийн сонсогч таны сонорт хүрсэн байх. Монголын анхны Фолк рок “Алтан ураг” хамтлаг энэ сарын 20-нд Чехийн “Чехомор” хамтлагтай хамтарсан тоглолт хийсэн билээ.
“Алтан ураг” хамтлаг ёочин хөгжимчин Б.Эрдэнэбат, Бөмбөрчин Б.Болортунгалаг, электрон морин хуурч Б.Бүрэнтөгс, их хуурч Ц.Гангаа, бишгүүр хөгжимчин, хөөмийч М.Чимэдтогтох, уртын дууч Э.Эрдэнэцэцэг нарын үндсэн бүрэлдэхүүнтэй бөгөөд тоне мистер Бааска, Төрөө, Цээгий нартай хамтран ажилладаг.
-Энэ сардын 17,18 нд “Алтан Ураг” хамтлаг Чехийн “Чехомор” хамтлагтай хамтарсан тоглолт хийх гэж байгаа билээ. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье.
-Монгол улсад суугаа Чехийн элчин сайд тоглолт хийх саналыг бидэнд тавьсан юм. Энэ хамтлаг Чехдээ их алдартай фолк рок хамтлаг байгаа юм. Бидний хамтарсан тоглолт үзэгчдийн сэтгэлд хүрэх байх гэж бодож байгаа.
-Хөгжим гэдэг хэлний ялгаагаар зааглагддаггүй учир Чехийн аялгууг сонсох сайхан боломж нээгдэж байгаа юм байна.
-Тийм шүү. Хөгжимд дуртай залуус хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ тоглолт маань ямар ч үнэ төлбөргүй учир хүн бүхэнд нээлттэй.
-Танай хамтлагийн хөгжмүүд үзмэрийн шинжтэй харагдах юм. Эд ямар нэг билэгдэл агуулдаг уу?
-Бид ардын урлагт шинэчилэл хийж байгаа болохоор стилл, имиждээ өөрчлөлт хийх хэрэгтэй байсан. Хөгжмийн зэмсэгүүд маань үндэсний хэв маягыг харуулсан, сүг зураг, эртний бичээс зэргийн чимэглэлтэй.
-Мангасан толгойтой хуур чинь морин хуур биш биз дээ? Хүмүүс “Мангасан хуур” гэж ярьдаг юм билээ.
-Эрт цагийн үлгэр, домогт индэр хар мангас гэж айл амьтныг айлгаж цочоодог, аюултай догшин мангас байсан юм гэдэг. Түүнийг номхруулахын тулд эцэг, өвгөд маань мангасан толгойтой хуураар туульс хайлдаг байсан домогтой. Мангасан толгойтой хуурыг маань индэр мөнгөн хуур гэдэг юм.
-Их гоё нэртэй юм. Харин бөмбөрт чинь ямар ч монгол өнгө аяс харагдсангүй.
-Бөмбөр бол аль ч хөгжмийн урсгалд байх ёстой хөгжмүүдийн нэг. Бидний хийж буй уран бүтээл зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ ямар ч чимэглэл байхгүй, энгийн л нэг бөмбөртэй. Тун удахгүй маш гоё загварын бөмбөртэй тайзан дээр гарах бодолтой байгаа.
-“Алтан ураг” хамтлагт цахилгаан морин хуур байдаг гэж сонссон юм байна.
-Тийм ээ. Бид өөрсдөө цахилгаан морин хуур хийсэн юм. Дуугаралт нь цахилгаан гитар шиг л хүчтэй шүү. Монголын анхны цахилгаан морин хуур гэдэг утгаараа энэ бүтээлдээ патент авсан байгаа.
-Ардын урлаг орчин үеийн хөгжимтэй нийлэхээрээ Фолк рок болдог. Энэ талаар уншигчидад тайлбарлаач.
-Бид ямар нэг чиглэлд баригдаж чаддаггүй юм. Фолк рок гээд ярихад дэлхийн аль ч өнцөгт дууны үг үндэсний агуулгатай эсвэл ямар нэг үндэсний хөгжмийн зэмсэг хамтлагт нь нэмээд оруулчихад л фолк рок болоод хувирчихдаг юм билээ. Харин манай хамтлагийн хувьд маш баялаг хөгжимтэй монгол хамтлаг учраас бидэнд маш их боломж байгаа.
-“Алтан ураг” хамтлагийн араас Фолк рок тоглодог олон хамтлаг гарч ирж байгаа. Энэ хамтлагуудад хандаад хэлэх үг байвал...?
-Бид үүнд их баяртай байдаг. Залуус маань ардын урлагийг сонирхдоггүй, таашаадаггүй байсан үе саяхан. Харин одоо тоглодог хамтлагууд гарч ирж байна. Тэдэнд хандаад хэлэхэд өөрсдийн санаагаар, шинийг эрэлхийлээрэй. Бидэнд дэлхийн хаана ч байхгүй олон хөгжмийн зэмсэгүүд байна, ардын аялгуунууд байна. Энэ бүхнээс үлгэр дууриал аваад шинээр бүтээгээсэй гэж хүсч байна даа.
-Үүнийг сонсоод танай хамтлаг хуучны дуунуудыг яагаад тоглодоггүй талаар мэдмээр санагдчихлаа.
-Дээр үеийн нэг сайхан дууг хэн ч дуулж болно. Хэн дуртай нь хүссэн үедээ, дуртай тайзан дээрээ дуулж ч мэднэ. Тиймэрхүү зүйлээс зайлсхийдэг юм. Тэгээд ч бид ардын дууг хуулах гэж, давтан дуулах гэж энд цуглараагүй. Язгуур урлаг, үндэсний өв соёлоо хорин нэгдүгээр зууны залуустаа зориулан шинээр бүтээхийг хүссэн юм.
-Монгол хамтлагуудтай хамтран ажиллах сонирхол байдаг уу?
-Манай хамтлаг, дуучид өөрсдийн сэтгэлгээгээр монголынхоо хөгжмийн урлагт шинэчлэл хийгээсэй гэж хүсдэг. Хаа нэгтээгээс хуулбарласан бүтээлүүдтэй хамтлагтай хамтран уран бүтээл хийчихвий дээ гэж их айдаг. Тиймдээ ч “Алтан ураг” хамтлаг дангаараа уран бүтээл туурвидаг.
-Таван цомгийн талаар яриад байгаа. Энэхүү төлөвлөгдөөд байгаа цомгуудад ямар төрлийн бүтээлүүд түлхүү орж байгаа вэ?
-Ардын хөгжмийн шинэчлэл хийж байгаа гэдэг утгаараа нэлээд хэдэн шинэ зүйл нэмсэн байгаа. Этник, фолк рок, фолк метал, контенпорари, чил аут лоунж, язгуур урлаг гээд л төрөл төрлөөрөө хуваагдаад тус тусдаа цомог болох байх.
-Хотын хөгжим Чил Аут. Рок хөгжмөөс тэс өөр. Тэгээд ч морин хуурыг пянз шиг зурж болохгүй ш дээ. Та нар арай андуураагүй биз дээ?
-Чи буруу ойлгосон бололтой. Бид дангаараа энэ хөгжмийг тоглох гээгүй байна. Монгол Микс прожэктийн Түвшин, Үүрээ, Батаа гурав болон нэг гадаадын ди жэй залуутай хамт тоглох болно. Хөгжим бүр өөрийн гэсэн өнгө аяс, хэм хэмжээтэй. Нэг ёсондоо хуримын тайзан дээр гарчихаад, бид рок хамтлаг юм чинь гээд сүйт бүсгүйд нь зориулж аймар рок тоглоод байж болохгүй биз дээ.
-Харин контенпорари урсгалын хөгжим тоглоно гэхээр сонирхолтой санагдаж байна. Манайхан контенпорари урлагыг ихэвчлэн уран зураг, илстоляц зэрэг нүдэнд харагдах зүйлээр төсөөлдөг шүү дээ. Энэ талаараа яриач?
-Контенпорари гэдэг маань орчин үеийн урлаг. Алтан ураг хамтлаг өөрсдийн сэтгэхүйгээр, хаана ч юм оршин байгаа сэтгэгдэл, уран зөгнөл, зүүд гээд юу байдаг бүхнээ хөгжмөөрөө амилуулна. Түүнийг маань сонсогчид өөр өөрийн эмоц, сэтгэл хөдлөлөөрөө хүлээж авдаг.
-Тэрхүү хөгжмийг тоглож байгаа хүмүүст ямар байдаг вэ? Зургаан өөр хүнд зургаан өөр сэтгэхүй байгаа ш дээ.
-Бид уран бүтээлийн тал дээр яг л нэг хүн шиг байж чаддаг. Хэдийгээр өөр өөр хүмүүс боловч уран бүтээлээ туурвих үедээ үзэл бодол, мэдрэмжээрээ нэгддэг гэх үү дээ. Ямар ч байсан бид нэгдэн нийлсэн нэг хамт олон. Нэг гэр бүл.
-Тэгвэл ямар нэг дууны санаа хэн нэг нь гаргалаа гэхэд бусад нь үг дуугүй зөвшөөрөөд, дэмжээд байдаг гэж ойлгож болох уу?
-Өө, яалаа гэж дээ. Тал талаасаа санаа оноогоо нэмж, хачирлаж байж л бүтдэг эд байгаа юм аяз гэдэг чинь. Нэг нь санаа гаргалаа гэхэд нөгөө хэд нь өөр өөрсдийн санааг нэмэрлэж, хамтдаа тоглож үзэж байж бүтнэ.
-Эхний цомог хэзээ гарах вэ?
-Маш чанартай бүтээл хийхийг зорьж байгаа болохоор бэлэн болгох цагаа товлоогүй ээ. Хөгжмийг зүрх сэтгэлийнхээ чин хүслээр тоглож чадвал хүмүүсийн сэтгэлд гүн хүрэх юм болов уу.Тиймээс сэтгэл зүрхнийхээ хурдаар л зохицуулна даа. Ер нь бол нямбай ажиллахыг чухалчилж байгаа..
-Чин хүслээр хийж байгаа зүйлд ч гэсэн мөнгө гэдэг том асуудал гарч ирдэг. Ивээн тэтгэгч байдаг уу? Эсвэл та нар тийм баян хүмүүс үү?
-Өнгөрсөн жил МТС, Хаан банктай хамтарч ажилласан. Энэ жил АПУ компанитай хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа. Бидэнд хамтран ажиллах санал их ирдэг. Бид тэр дундаас сонголтоо хийдэг. Монголын ард түмний төлөө ажилладаг, тэдний хэрэгцээг хангаж чаддаг газруудтай хамтран ажилладаг.
-Та нарыг ажаад байхад уран бүтээлийнхээ ажилд маш их цаг зарцуулдаг юм шиг байна. Гэр бүл, хувийн асуудлаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Алтан ураг бол бидний гэр бүл, бас ажил. Бид тайзан дээр гарч ажлаа хийнгээ таашаал хүртдэг. Нэг үгээр хэлбэл бид чөлөөт уран бүтээлчид. Тийм болохоор албан газрууд шиг цагийн хуваарь, хатуу дэг журам тогтоогоогүй. Бие биедээ л амралт өгдөг.
-Та нар гэр бүл юм чинь хамтдаа байхдаа хөгжим тоглохоос өөр зүйл хийдэг байх тийм үү?
-Тийм ээ. Бид өнгөрсөн оны сүүлчээс эхлээд энэ он хүртэл эрчимтэйгээр шатар тоглож байгаа. Гадаад дотоодруу тоглолтоор явж байхдаа амралтын цагаараа шатар нүүдэг дээ. Зургаан эрэгтэй маань хоёр хуваагдаж байгаад л үзэж тарна. Ганц эмэгтэй Тунгаа маань шүүгч хийдэг юм. За тэгээд нэг тоглоод эхэлчихвэл нэг өрөг нь гурав дөрвөн цагаар үргэлжилнэ гээд л бод. Шатар гэдэг их сонин тоглоом байгаа юм. Манайхан нэг жижигхэн шатартай. Тэр шатар маань маш олон аялалд бидэнтэй хамт явсан.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: